Мэдлэг сэтгэл зүрхэнд чинь бат суусан үед мэргэн ухаан болно
2010 оны 11 сарын 26, Канад
Асуулт: Яагаад ихэнх шашнууд зүүн тийш харан залбирдаг юм бэ? Зүүн тийш харан бясалгах сайн уу?
Шри шри: Олон янзын шалтгаантай. Нар зүүнээс манддаг. Тиймээс өглөө зүүн зүргүү харан бясалгаж, орой нар баруун зүгт жаргадаг учраас баруун зүгрүү харан бясалгаж болно. Энерги нар байгаа зүгээс урсдаг учраас нарлуу харах нь таныг тэнцвэржүүлдэг. Бясалгахын тулд, залбирч мөргөхийн тулд та тэнцвэртэй байх хэрэгтэй – сэтгэл тайван тэнцвэртэй, биеийн байрлал тэнцвэртэй байх... Яг бясалгах үед суугаад бясалгаж л байгаа бол хаашаа харах нь тийм ч чухал биш.
Асуулт: Яагаад бурхан ийм олон глактик, гариг, хүмүүсийг бүтээсэн юм бол? Ямар зорилготой юм бол?
Шри шри: Яахав, Бурханд үүнээс илүү ажил олдохгүй шүү дээ! (инээв)
Ойлгомжтой шүү дээ – хөл бөмбөг тоглодог хүнээс асуугаарай. Хэрвээ харь гаригийн нэгэн ирээд 22 хүн ганцхан бөмбөгний төлөө тэмцэлдэж байгааг харвал “Энэ ертөнцөд зөндөө зүйл байхад яагаад тоглогч бүрд бөмбөг өгчихгүй байгаа юм бэ? Тэд тун завгүй бие бие дээрээ унаж, тэр ганц л бөмбөгөө торлуу өшиглөхөд маш олон хүн баярлаж байна. Яагаад ийм үймээн үүсгэх хэрэгтэй гэж? Хүн бүрт бөмбөг өгөөд л, бүгд торлуу өшиглөг л дээ” гэж хэлнэ.
Харь гаригийнханд бол ухаангүй, зорилгогүй юм шиг л харагдана. Харин хөл бөмбөгийн фэнүүд бол “Унэхээр гайхалтай байлаа!” гэнэ. Хүний бүтээсэн бүхий л зүйл аз жаргал гэсэн ганцхан зорилготой. Мөн ийм л зорилгоор бурхан энэ бүхнийг бүтээсэн. Түүнд яг л хөл бөмбөг үзэж байгаа мэт сонирхолтой байгаа. Өөр зорилго байхгүй.
Aсуулт: Би нэлээд хэдэн хайр сэтгэлийн харилцаатай байсан. Харин одоо хайр сэтгэлийн асуудлаас нэг л хөндий болчихсон байна, энэ нь хувиа хичээсэн болчихсон ч юм шиг санагдаад байх юм. Яах хэрэгтэй вэ?
Шри шри: Хайр ямар ч харилцааг шийдэж чадна. Хүмүүс чамайг илжиг гэж бодсон ч хамаагүй. Юу ч гэж бодсон хамаагүй! Хариу өшиглөж тэдний зөв гэдгийг битгий л баталчихаарай! Та өөрийнхөө талаас найрсаг бай. Хэнээс ч, юу ч хүсэхгүй байх нь аз жаргалтай байх зам. Хүсээд эхлэхээр л бид зовлонтой болчихдог.
Гунисан эсвэл зовсон үедээ уйтгар зовлонгийнхоо шалтгааныг таягдан хаях хүчтэй бай. Таны хэлэх залбирал “Аз жаргалтай байх үед минь буян хийх сэтгэл хайрла, зовлонтой байх үед минь зовлонгийн шалтгаанаас татгалзах хүч хайрла”.
Нэг эмэгтэй асууж байсан “Яагаад бурхан энэ орчлонг ийм их гуниг зовлонтой болгосон юм бол?” гэж. Ингэж байж л та Бурханд хандана. Ертөнц зовлонтой байсан хэр нь та татгалзаж чадахгүй байгаа юм чинь, бух зүйл сайхан байсан бол юу болохыг төсөөлж байна уу? Орчлон ертөнцөөр дамжин бид Бүтээгчид хүрэх хэрэгтэй, бүтээл дундаас нь Бүтээгчийг нь олж таних.
Зовох үедээ таягдан хаях хүчтэй байх хэрэгтэй, харин жаргах үедээ жаргалаа бусадтай хуваалцдаг байх хэрэгтэй.
Aсуулт: Надад байгаа хамгийн том асуудал нь залхуурал гэж бодож байна. Йдэвхтэй, эрч хүчтэй байдаггүй. Гэхдээ маш ихийг хиймээр байна.
Шри шри: Залхуурах үед хойноос чинь дагах хүн ол. “Хэрвээ намайг залхуурах юм бол суулгахгүй, хэвтүүлэхгүй шүү. Саваагаар хатгаад босгоорой” гэж тэр хүндээ хэлээрэй. Араас чинь дагах хүнтэй байгаа үед залхуурахгүй. Гэр бүлийн чинь хүн үүнийг их сайн хийнэ дээ (инээв).
Залхуурлыг давж гарах гурван арга бий:
Нэгд, шунал. Ямар нэг юманд шунах нь таныг залхуурлаас гаргана. Хэн нэгэн “Хэрвээ энэ пранаяамаг тасралтгүй 40 хоног хийвэл, чи 1 сая доллартай болно” гэвэл та “Баталгаатай нь дээр би 45 хоног таслахгүй хийе” гэнэ биз дээ.
Хоёрт, айдас. Айдас хүнийг төөөрөгдөлд оруулдаг. Зарим төөрөгдөл, буруу ойлголт нь кармаг хүртэл цэвэрлэнэ гэнэ. Бясалгалахаар карма устдаг. Бусдыг хайрлаж, буян хийхэд карма арилдаг. Оюун санааны талаар огт ойлголтгүй байгаа бол их хувьгүй хүмүүс – өөрөө ч мэдрэхгүй, мэдлэг ном ч уншихгүй. Энд л Вэдийн уламжлал маш их чухал. Маш олон мэргэдүүд янз бүрийн дэг журмыг бий болгосон, мөн тэдгээр нь хоосон төөрөгдөл биш гэдгийг өөрсдөө баталж чадсан. Ийм хэдий ч хүмүүс айдаст автан төөрөлдсөөр л байна.
Гурав, хайр. Та маш их хайрыг мэдэрч байгаа үед хаанаас залхуурах юм бэ?
Энэ гурвын аль ч аргаар үр дүнд хүрэхгүй бол, миний эхний сонголтыг хэрэглэ. Араас чинь үргэлж дагах хэн нэгнийг ол!
Асуулт: Эрх чөлөөнд хүрэхийн тулд ямар шинж чанаруудтай байх ёстой вэ?
Шри шри: Саруул ухаант хүн байгаа чинь л хангалттай. Сайн хүн байгаа чинь л хангалттай. Бүх хүн сайн хүн байдаг!
Харамсалтай нь зарим шинжлэх ухаанчид хүнийг хар цагаан хоёр талтай гэж үздэг. Таны тал хар бараан, тал нь гэрэл гэгээтэй гэх ойлголт. Энэ ийм биш юм. Хэн нэгэн ирээд танд “Чамд хар тал байна. Чи алуурчин ч байж болно” гэж хэлэнгүүт та “Үгүй, би тийм муу муухайг зүүдэлж ч байгаагүй” гэж хариулна. Дараа нь та бодохдоо “Өө, магадгүй надад үнэхээр тийм муу зүйл байгаа ч юм билүү...” гээд өмнө нь байгаагүй үрийг өөртөө суулган ургуулж эхэлдэг.
Энэтхэгийн яруу найрагч Кабирын гайхамшигтай нэгэн шүлгэндээ “Би энэ ертөнцөөс муу хүнийг олох гэж явсан, хэнийг ч олоогүй” гэсэн байдаг. Мэдээж хүнд буруу хандлага байх боловч энэ нь хүний төрөлх дүр биш. Сөрөг хандлага нь зөвхөн гадаргуунд өнгөцхөн оршино. Яагаад хүн сөрөг, муухай аашилдаг юм? Учир нь өөрөө гомдсон, хохирсон болохоор тэр. Аз жаргалтай, баяр баясгалантай, төвдөө буй хүн хэзээ ч хэнд ч, тэр бүү хэл амьтанд ч хор хүргэхгүй. Арслан хүртэл зөвхөн өлссөн үедээ л ан хийнэ, цаг үргэлж биш. Бас уур хилэнгээс болж ямар ч амьтны амийг авдаггүй, хэрэгцээтэй учраас л агнадаг.
Тиймээс хүн бол хар цагаан талтай гэсэн ойлголт бол бодит байдлаас их хол, хүн өөрөө гаргасан зүйл юм. Дотоод сэтгэлрүүгээ аяла, “Сатчидананда” - жинхэнэ үнэн, ивээл өршөөл: Ухамсар.
Хүсэл төрөөд байна, таниас нэг зүйл гуйя. Надад өчүүхэн бага ч гэсэн мэдлэг өгөөч гэдэг.
Та мэдлэг авч байгаа. Тайвшир. Галт тэргэнд суухын тулд та яарах хэрэгтэй, цүнхээ баглана, галт тэргэний буудал руу явна тэгээд гал тэргэнд сууна эсвэл нисэх буудал руу явж байж онгоцонд сууна. Харин нэгэнт онгоцонд суусан бол тайвшир. Онгоцон дотор цүнхээ барьчихаад наашаа цаашаа холхих нь таныг хүрэх газар чинь илүү хурдан хүргэхгүй. Нэгэнт замд гарсан бол тайвшир.
Аржуна Кришнад хийх ёстой бүхий л зүйлээ хэлсний дараа Аржуна “Бүгдийг нь орхи, Зууралдаад байгаа бүх зүйлээ орхи. Үүрэг хариуцлагаа ч орхи. Би чамайг бүх нүгэлээс чинь чөлөөлнө” гэж хэлсэн. Харин хүмүүс өөрсдөө нүгэлээсээ хэлтрэхийг хичээдэг. Энэ хэзээ ч бүтэхгүй. Тэнгэрлэг л таныг нүгэлээс хэлтрүүлнэ.
Таны хийх юм юу гэхээр зууралдаад байгаа бүхнээ л сулла. Эхлээд Кришна Аржунад үүрэг хариуцлагыг нь ойлгуулсан. Харин дараа Аржунаг үүрэг хариуцлагыг нь ч орхиулсан. Кришна хэлэхдээ “Надад, надад л ханд. Би чиний бүх нүглийг хэлтрүүлнэ” гэдэг.
Асуулт: Миний амьдралын нэг хэсэг байгаад чинь баярлалаа. Би өөрийн зорилгоо алдчихсан юм болов уу эсвэл миний зорилго тийм ч агуу биш юм болов уу гэж санаа зовдог.
Шри шри: Танд энэ Амьдрах Урлагт хийх, бүтээх маш чухал үүрэг бий. Дараа жил бид 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. Маш олон хүмүүс дусал дуслаар хувь нэмрээ оруулсаар энэ 30 жил юу хийснээ тэмдэглэнэ. Сатцан болон сева төслүүдэд оролц. Хайтид болон Энэтхэгт маш олон сева төслүүд хэрэгжиж байна. Канад, унаган америкуудад ч тусламж хэрэгтэй байна. Энд ашрамд хийх зүйл маш их байна.
Асуулт: Би ажиглалтыг байнга сургууллаж байгаа. Йнгэх нь надад амгаланг өгөх үү?
Шри шри: Энгийн бай. Бурхан минь, тайвшир. Ажиглалтай байхыг үргэлж битгий дасгал болго. Ажиглах нь чухал гэхдээ дасгал болгон хийх хэрэггүй. Гита ч бас “хэтрүүлэх хэрэггүй” гэж хэлдэг шүү дээ. Тайвшир.
Бүхнийг ажиглаж хөгжим сонсоно гээд төсөөлөл дөө. Үгүй, хөгжмийг тайван байж таална. Аливааг хийх нь үргэлж хязгаартай байх хэрэгтэй. Таны хийдэг бүх зүйлд хамаатай шүү, бясалгалд ч бас хамаатай. Тиймээс ч бясалгалыг та хийх биш, зүгээр л өөрөө болохыг нь зөвшөөрөх.
Бүх дасгал техникүүд сэтгэлд мэдрэх нөхцөлийг бүрдүүлж улмаар хил хязгаараа тэлэх боломжийг өгдөг. Хөгжим ч бас ухамсарыг хөглөх орчинг бий болгоно. Хөгжмийг “Лаяа иог” гэж нэрлэдэг. Лаяа гэдэг нь уусах, шингэх гэсэн утгатай. Энэ бол байх ёстой Самадхигын дээд хэлбэрийн нэг (Тэнгэглэгтэй нэгдэх). Ажиглалттай байх болон уусан нэгдэх хоёрыг тэнцвэртэй байлгах хэрэгтэй.
Асуулт: Хиндү шашны амьтнаар өргөл хийх болон хэлээ цоолох зэрэг зан үйлийн талаар саналаа хэлнэ үү?
Шри шри: Хиндүизм бол сая сая жилийн турш оршин ирсэн амьдралын нэг хэлбэр. Маш олон зан үйл нь зассан, нэмсэн зүйлүүд бий. Өвөл та даарахгүйн тулд зузаан хувцас өмсөнө. Харин гэртээ орохын өмнө үүдэндээ хувцасаа тайлж тавьдаг. Энэ нь зан үйл, дүрэм болж өөрчлөгдсөөр зун улиралд ч та заавал тайлж тавих зузаан хувцастай байвал л гэртээ ордог болгочихсон хэрэг. Амьтнаар өргөл хийх яг үүнтэй адил ямар ч оюун санааны үндэслэлгүй зан үйл. Хэлээ цоолох мөн адил. Кришна бурхан “Тэнэг хүн л өөрийнхөө биеийг зовооно” гэж хэлсэн байдаг шүү дээ.
Асуулт: Бясалгал хийх үед надад сексийн мэдрэмж төрөөд байх юм, яах вэ?
Шри шри: Энэ бас нэг түвшин. Энерги чакрануудаар дамжин нэмэгдэх эхэн үед мэдрэгдэж болно. Ажигла, мэдэр, өөрчлөгдөнө.
Асуулт: Бид бүгдээрээ тэнгэрлэг эх үүсвэрийн нэг хэсэг үү?
Шри шри: Тэгэлгүй яахав. Гэхдээ үүнийг өөрөө мэдэртлээ сэтгэлийнхээ мухарт хадгалчих.
Асуулт: Та мэдлэгийг ухаантай дүйцүүлж боддог уу?
Шри шри: Мэдлэг сэтгэл зүрхэнд чинь бат суусан үед мэргэн ухаан болно.
Англи хэлнээс орчуулж нийтэлсэн Г.Болортуяа
Post a Comment