Гүрүжигийн шинэ оны үг 2010 он

Ахиад нэг жил өнгөрч, нэг жилийг бид ардаа орхиж, 2010 оныг угтаж байна. Өнгөрсөн жил биднийг арвин туршлагаараа баяжуулсан. Тохиолдолж байсан асуудлууд, бэрхшээлүүд бидэнд чадваруудыг маань таниулсан. Аливаа бэрхшээл, асуудлыг даван туулахад биднээс нуугдмал чадвар, авьяас билэг илэрч гарч байдаг. Үүнд талархах хэрэгтэй. Ямар нэг бэрхшээлгүй, тэмцэлгүй, шийдвэрлэх алхамгүй амьдралыг төсөөлөөд үз дээ, уйтгартай биз дээ. Тэмцэл, шийдвэрлэх алхамуудтай тулгарах нь таны авьяасыг нээж өгдөг, өөрт тань байгаа чадварыг мэдрүүлдэг. Хятад хэлэнд шийдвэрлэх алхам, боломж гэдэг 2 үгийг ганцхан үгээр хэлдэг. Учир нь шийдвэрлэх алхам бүр та өөрийн хүч чадлаа, өөрийн чадвараа, өөрийн авьяас билгээ нээх, ашиглах боломж юм. Тухайн бэрхшээлийг хэрхэн давах, тэмцэлд хэрхэн тэсвэрлэх нь таны юу хийж чадах болоод хичнээн хүчирхэг вэ гэдгийн шалгуур. Тиймээс шийдвэрлэх алхам бүрийг өөрийн чадварыг илэрхийлэх боломж гэж ойлгох хэрэгтэй.


Аз жаргалтай, баяр баясгалантай мөчүүд мэдээж таныг тэлнэ, хөгжүүлнэ. Гэхдээ бусдад буян, сева хийх хэрэгтэйг сануулж байна гэж ойлгож болно. Аз жаргалтай байх үедээ бусдад үйлчилж, энэ дэлхийд өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй, зөвхөн өөрийн жижигхэн хайрцаганд хязгаарлагдах биш. Бусдад үйлчилснээр таны аз жаргал илүү баяжиж, илүү батчидаг. Харин зовлонтой, бэрхшээлтэй байх үедээ, сул орхих, шунал хүсэлгүй байх, тэсвэрлэх тэвчээрийг гаргаж чадвал та маш их зүйл сурна. Бид ихэнхдээ өөрсдөө зовлонг хүсэмжилдэг. Яагаад гэдгийг мэдэх үү? Учир нь хүүхэд байх үедээ эсвэл хэзээ нэгэн цагт та зовлонтой байх үедээ бусдын анхаарлын төвд байсан туршлага бий. Таныг уйлахаар эцэг эх тань анхаарал тавина. Гунигтай заовлонтой царайлангуут л хэн нэгэн нуруун дээр чинь гараа тавин таныг аргадана, танд урам өгнө. Бусдын анхаарлыг татахын тулд зовлонтойгоо эвлэрэн амьдардаг. Бид энэ үеийг өнгөрөх хэрэгтэй, үүнээс цааш алхах хэрэгтэй, тэр үед л та аливааг туулах, тэмцэх хүчийг олж авна.

Энэ шинэ жилд бүгдээрээ бусдад үйлчилж, бусадтай хуваалцах аз жаргалыг хүсээрэй. Зовлон, бэрхшээлийг хэн бүхэн хүсдэггүй ч өдөр шөнө ээлжилдэгтэй адилаар бэрхшээл тулгарах юм бол төвдөө байх хүч чадлыг хүсээрэй. Шинэ жилээр хүсэх зүйл тань бэрхшээлтэй үед төвдөө байх хүч тэнхээ, жаргалтай үед бусдад туслах нинжин сэтгэл юм шүү. Бүтэн жил бүх зүйл гял цял мэдээж байхгүй, ихэнх өдрүүд энэ биш бол тэр асуудлаар дүүрэн байдаг. Харин энэ хүслийг хүсч, энэ залбирлыг хийснээр таны бэрхшээлтэй өдрийн тоо хэдхэн болж багасна. Зөвхөн таны чадварыг, авьяасыг нээхийн тулд цөөн хэдэн бэрхшээлтэй өдрүүд үлдэнэ. Илүү чадварлаг, илүү хүчирхэг, илүү үзэсгэлэнтэй болгох шалгуурууд. Энэ бол бодит амьдрал.

Өөрийгөө цаглашгүй мөнх гэдгээ мэдрэх хэдхэн минутын бясалгал их чухал. Аливаа үйл явдал танд хамаарахгүй, аливаа сэтгэл хөдлөл таныг хөндөхгүй, аливаа бодол таныг үймүүлэхгүй, таныг зовоодог эсвэл догдлуулдаг бүхнээс алслагдан тэр нам гүм амгаланд түр ч амсхийж амрах хэрэгтэй. Аз жаргал, зовлон бэрхшээлийн аль нь ч таныг үймрүүлэхгүй. Эсрэг тэсрэгээс чанагш оршино гэсэн үг. Өнгөрсөн жил од гаригсын нөлөө бясалгагчидад тийм ч таатай бус байсан нь шинэ оноор солигдон өнгөрч байна. Энэ жил бидний сэтгэл оюун сэргэг, хүч ихтэй байх болно. Үүнийг бясалгаж ашиглах хэрэгтэй. Чи бясалгал хийдэггүй юм уу гэж нэгнээсээ гайхан асуух цаг ойрхон байна.

Сацан хийх, сэва хийх, бусдад туслах нь зовлонг багасгах арга. Сацан, Сева. Сацан, Сева.

Бид их азтай хүмүүс. Бидэнд мэдлэгийг сонсох, ярилцах, тунгаах тэр бүү хэл дотоод орон зайгаа мэдрэх боломж байна. Нүдээ аниад хэрхэн амарч болдогыг хэзээ ч мэдээгүй сая, сая хүмүүсийг төсөөлдөө. Ганцхан мөч ч болтугай дотоод нам гүм амгаланд хэрхэн хүрэхийг мэдэхгүй. Унтаж чаддаггүй нойргүйдэл өвчтэй хүмүүстэй адил. Харин бидэнд бол амгалан тайван байх, аз жаргалтай байх гэдэг бол энгийн зүйл. Хэрхэн амгалан тайван байхыг мэдэхгүй байна гэдэг нойргүйдэлээр өвдчилсөнтэй адилхан. Маш ихээр ядраад байгаа хэрнээ амарч унтаж чаддаггүй. Орчин тойрныхоо бүйх зүйлээс ядраад, залхаад байгаа хэрнээ хэрхэн амрахаа, яaж унтахаа мэдэхгүй. Та ийм байдлыг төсөөлж чадах уу? Ийм хүмүүст та хүрэх ёстой, ийм л учраас та энэ ертөнцөд маш их үнэ цэнэтэй, маш их хэрэгтэй хүмүүн юм. Ихэнх тохиолдолд та ярих ч шаардлагагүй. Амгалан байж чадахгүй байгаа хүмүүсийн дунд та өөрөө амгалан байж амар амгалангийн долгионыг тэдэнд өгөх, мэдрүүлэх хэрэгтэй. Tэдгээр хүмүүсийн хайгаад байгаа амралтыг та өөрөөрөө л тэдэнд бэлэглэж чадна.