Шри Шри Рави Шанкар өнөөдөр юу хэлэв?

Таны бие энэ дэлхийд харъяалагдах бөгөөд дэлхий биед Тань санаа тавих болно, харин Та өөрөө Тэнгэрлэгт харъяалагдах бөгөөд Тэнгэрлэг оршихуй Танд санаа тавих болно


Bangalore Ashram, Dec. 9, 2009: Идэвхгүй хүнд хэрэгцээ болон хариуцлага гэж байдаггүй. Түүнчлэн төгс гэгээрсэн нэгэнд хэрэгцээ болон хариуцлага гэж байдаггүй. Энэ хоёрын дунд байгаа хүн бүрт тодорхой хэмжээний эрэлт хэрэгцээ болон хариуцлага байдаг.

Эрэлт хэрэгцээгээ хэрхэн хангах вэ, хариуцлагаа хэрхэн үүрэх вэ гэдэг асуулт байгаа.

Хэрэв Та хариуцлага дээрээ л анхаарлаа хандуулж төвлөрч чадваас, Таны хэрэгцээ аяндаа хангагдана.

Гэвч Таны хэрэгцээ их бөгөөд Та зөвхөн хэрэгцээгээ хангах талаар бодоод хариуцлагаа умартвал, чухамдаа тэр л идэвхигүй, гунигтай байдалд хүргэх зам юм. Та хариуцлага үүрэхгүй байгаад байвал, аз жаргалгүй хэвээр үлддэг, дурамжхан бөгөөд гомдоллосон хэвээр байдаг.

Хэрэв Та хариуцлага үүрээд хэрэгцээ Тань бага байвал, бүх зүйл Тань руу ирдэг Идэвхитэй байдал, аз жаргал, бүтээлч хандлага. Бид бүх хэрэгцээ, хариуцлагаа сул орхих цаг бидний амьдралд ирдэг. Гэхдээ тэр байдалд бид алхам алхамаар хүрдэг.

Тэгэхээр бас нэг асуудал урган гарч байна: Xүн өлсвөл яах вэ? Тэгвэл, хоол идэх хэрэгтэй. Цангавал, унд уух хэрэгтэй. Энэ бүгд нь биеийн хэрэгцээ.

Таны бие энэ нийгэм/энэ дэлхийд харъяалагддаг бөгөөд дэлхий/нийгэм биед тань санаа тавих болно. Та өөрөө Тэнгэрлэгт харъяалагддаг бөгөөд Тэнгэрлэг оршихуй Танд санаа тавих болно.

Үнэндээ Тэнгэрлэг оршихуй Танд санаа тавьсаар л байгаа шүү дээ. Та биеээсээ ангид болохоо ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгоод эхэлмэгц Та өөрийгөө биеээсээ тусдаа юм байна гэдгээ, Та өөрөө тэнгэрлэг оршихуй гэдгээ анзаардаг. Таны инээмсэглэл байнгын зүйл болдог.


Ингээд Шри Шри танхимаас асуулт байвал хариулъяа гэлээ.


Aсуулт: Хүлээн авах ойлгох чадвараа хэрхэн сайжруулах вэ?


Шри Шри: Та сонсож байхад сэтгэл тань хаа нэгтээ байгаад байвал хүлээн авч ойлгож чадахгүй. Сэтгэл тань хэт олон янзын амжилт гаргах хүсэлд автсан хүлээстэй байх үед, тухайн сэдэв Таны амжилт гаргах хүсэлд тань холбоогүй л бол олигтой сонсч өгдөггүй. Холбоотой байлаа гэхэд, сэтгэл тань сэрүүн зүүдлэх аялалд яваад өгдөг. Ганц өгүүлбэр сонсов уу үгүй юу аялалд яваад өгдөг. Жишээ нь: Xэн нэгэн ерөнхий сайд болох амбийцтай байлаа гэхэд танд ерөнхий сайд болох бүх бололцоо байна гэж хэлүүт сэтгэл нь тэр даруй сэрүүн зүүдлэх аянд морддог. Иймээс зүгээр л сонс, зөвхөн сонс.

Түүнчлэн хэрэв Таны сэтгэлд хэт их бодол байвал, ойлгож тусгаж авах түвшин доогуур байдаг. Сэтгэлийн анхаарал төвлөрөл буурдаг бас нэг шалтгаан бол Вата’-зохицол алдагдах эсвэл Капха’ –тэнцвэр алдагдсанаас үүддэг. Эмзэг сэтгэл хөдөлгөсөн нөлөөнд сэтгэл тань хэт их автсан үед анхаарал хүлээн авах чадваргүй байдаг. Та гурван-цаг үргэлжлэх кино үзсэний дараа, хэн нэгэн танд ямар нэг зүйл хэлвэл Та За яах вэ, дараа тэгж байгаад нэг хэлээрэйгэдгээ анзаарсан уу.

Тэгвэл, анхаарч хүлээн авч сонсч ойлгох чадварыг дээшлүүлэхийн тулд яах вэ? гэвэл,

Дуу хураалт, Пранаяама дасгалууд, зөв хооллолт, сэтгэлдээ хүсэл зорилго багатай байх зэрэг нь бүгд тус болно. Тухайн сэдэв/зүйл Танд таалагдаж байвал, Та илүү хүлээж авах хандлагатай байдаг. Өсвөр үеийнхэн цаашид гүнзгийрүүлэн суралцах хичээлээ сонгоход бэрхшээлтэй үе амьдралд нь тохиолддог Математик, Компьютерийн Инженерчлэл г.м. Гэтэл бүх хичээлдээ сайн хүүхэд байвал сонголт хийх улам хэцүү болдог.


Aсуулт: Бүрэн даатгах, бууж өгөхөд, хэн нь хэндээ бууж өгөх вэ?


Шри Шри: Та, өөрөө өөртөө бууж өгч байгаа. Ингэвэл та өөр бусад зүйл байхгүй болохыг ойлгодог.


Aсуулт: Хэрэв бид аз жаргал болон гэгээрлийн аль нэгийг сонгох хэрэгтэй болвол, алийг нь сонгох ёстой вэ?


Шри Шри: Гэгээрэл гэдэг бол хамгийн том аз жаргал. Хамгийн том нь байсаар байтал жижиг аз жаргалын хойноос яваад яахав дээ?

Бурханд итгэх амар биш. Бурхан байна: үүнийг мэдэрч чадвал сэтгэл тайвширдаг. Ингэж чадвал, зөвхөн Бурхан байдаг юм байна, би байхгүй юм байна гэдгийг Та ойлгодог.


Inn ankhon mein ankh mila ke dekho to sahi, pyar dikhta hai ki nahi,

Ek kadam bada ke dekho to sahi, rasta milta hai ki nahi,

Hath batake dekho to sahi, kaam hota hai ki nahi,

Ek baar muskarake dekho to sahi, duniya apnati hai ke nahin,

Ek baar naam le ke dekho to sahi, jeevan safal hota hai ke nahi.


Энэ нүд Таны нүдийг олж харахад, Та хайрын харцыг анзаарахгүй гэж үү?

Нэгхэн л алхам урагш алхвал, Та бүх л зөв зам мөрийг олохгүй гэж үү?

Гар сунган дэлгэхэд л, бүх ажил бүтсэн байх биш үү?

Нэг л удаа инээмсэглэхэд; дэлхий Таныг өөриймсөгөөр угтах биш үү?

Нэрийг нь нэг л удаа дуудахад; амьдрал тань бүрэн дүүрэн болох биш үү?


Aсуулт: Шүүн тунгаах сэтгэлээс хэрхэн ангижрах вэ?


Шри Шри: Хэрэв Та шүүн тунгааж хандаад байгаагаа анзаарчихсан бол, хэдийнэ ангижирчихсан байна шүү дээ.


Aсуулт: Өөртөө бие даасан байдал болон Зожиг зан юугаараа ялгаатай бол?


Шри Шри: Энэ хоёр ойлголт юугаараа төстэй юм бэ гэж үү? (танхим инээдээр цалгив). Бүрэн өөртөө биеэ даана гэдэг нь бололцоогүй зүйл л дээ.

Харилцан хамаарал байдаг. Таны хувцас оёдолчноос шалтгаална. Тариаланч хүн тариа тарьж ургац авах хариуцлага хүлээнэ, иймд Та түүнээс ч бас шалтгаална. Та өвдвөл Таныг эмчид аваачна, иймд Та бас л эмчээс хамаарч байна. Таны боловсрол багшаас тань хамаарна. Бүх зүйлд тодорхой хэмжээгээр харилцан хамарал бий. Амьдрал ийм байдаг. Гэвч бид нэг алхам урагшлах хэрэгтэй. Бусдад хэрэгтэй, тустай болтол маань, гуниг гутрал тайван бус байдал үргэлжилдэг.

Хамаарал гэж юу вэ? Нэг өдөр Танай үйлчлэгч ирэхгүй, Та гэрээ цэвэрлэхгүй бол хамааралтай болсон байна гэсэн үг. Та чадах бүхнээ л, үргэлжлүүлэн хий.

Өөртөө бие даах, өөрөөсөө л бүрэн хамаарах байдал тань биеэ тоох байдал болж хувирахгүй байх нь л чухал. “Надад хэзээ ч хэний ч туслалцаа хэрэггүй, би бүх зүйлд өөрийхөөрөө л байх болногэдэг шиг.

Та бол хариуцлагатай иргэн, Та гэр бүлийнхээ өмнө хариуцлага үүрч байгаа, гэвч Таны хариуцлага бол Таны чадах зүйл л байдаг. Таны чадахгүй зүйл бол Таны хариуцлага биш. Та эмч биш бол, Таны хариуцлага юу вэ гэвэл шаардлагатай бол эмчид дуудлага өгөх юм, тэрнээс эмчлэх хариуцлага Таных биш.

Бидний хийж чадах бөгөөд хялбархаан чаддаг зүйлс маань, бидний хариуцлага байдаг.

Сэтгэл болон оюун ухаан өргөжин тэлээд ирэхлээр, Та илүү томоохон хариуцлага үүрдэг, илүү хариуцлага хүлээгээд ирэхлээр, илүү их эрх мэдэл Танд ирдэг. Байгаль Танд үүнийг олгодог.

Прабхупаадын тухай түүхийг Та бүхэн сонссон уу? 75 насанд нь, Багш нь түүнд Кришна Бурханы нэрийг түгээн дэлгэрүүлэх даалгавар өгчээ. Тэр өндөр насандаа АНУ-ыг зорисон. Сар гаруй усан онгоц дээр амьдарсан байдаг.

Хүнд нөхцөлд амьдарч байсан, маш хүйтэн орчинд, нэг байрны доод хонгилд, гэхдээ түүний итгэл үнэмшил нь маш хүчтэй байсан учраас 1,000 хүн Киртан/Сатсан хийж Бурханы нэрийг уншлага болгон дууддаг болсон байдаг.

Хүний санкалпа/зорилго ийм хүчтэй байхаар, нас нөлөөлөхөө больдог. Тэрнээс 25-30 насны залуучууд хэлж ярьж байдаг, ‘Тогтолцоо нь сайн биш байна, болж байгаа юм алга.’ гээд. Тэгвэл яахав, гэртээ сууж л байхаас.

Би ямар ч нөхцлөөс дээгүүр гарч ирж чадна, Би ямар ч нөхцөл байдлыг даван туулж чадна хэмээх тэрхүү итгэл үнэмшлийг өөрийн болго.


Aсуулт: Гүрүжи, би Таны тухай зүүдлээд, тэгээд Та яг л хажууд байгаа мэт мэдрэгдсэн. Та үнэхээр миний зүүдэнд байсан уу?


Шри Шри: Энэ ч гэсэн одоо зүүд байж магадгүй ш дээ. Энэ зүүд биш гэдэгт Та итгэлтэй байна уу? (бүгд инээлдэв). Сайн сайхан бүхэн тохиох бүрт, зүүд болж үзэгддэг.



Илэрхийлж болдоггүй нь Хайр.

Үгүйсгэж чаддаггүй нь Гоо үзэсгэлэн.

Зайлсхийх боломжгүй нь Үнэн юм.”

~ Шри Шри Рави Шанкар


Англи хэлнээс орчуулсан Т.Батзориг